ДОРНОГОВЬ: Шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны 12 дугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 15 ортой эмнэлгийн барилгыг энэ оны арванхоёрдугаар сарын 16-нд ашиглалтад орууллаа.
Барилгын ажлыг улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Элит конкрет” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. Даланжаргалан сум 2916 хүн амтай. Аймгийн хэмжээнд хамгийн олон уул уурхай ажилладаг бөгөөд үүнийг дагасан хүн амын суурьшил, хөл хөдөлгөөн их байдаг тул иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрэлт хэрэгцээ их байдаг.
Тиймээс орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тав тухтай орчинд үзүүлэх боломж нээгдлээ гэж орон нутгаас мэдээлэв.
Шинэ эмнэлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан, Төмөртогоогийн Энхтүвшин, сумын ИТХ-ын дарга Н.Болдбаатар, Засаг дарга Д.Бэхбат болон барилгын ажлыг гүйцэтгэсэн “Элит конкрет” компанийн удирдлага, сум, орон нутгийн иргэд оролцжээ.