ТӨВ: “Стартап менторшип” гарааны бизнесийн сургалтад 24 иргэн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-12 10:25:21

Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аян 11 дэх аймагтаа үргэлжилж, Төв аймгийн Зуунмод хотноо сургалтуудаа зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд нийт таван төрлийн сургалт зохион байгуулж байгаагийн нэг нь “Стартап менторшип” юм.

 

Тус сургалт нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид хурдтай хөгжих боломжтой гарааны бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд богино хугацаанд цогц мэдлэг, мэдээлэл өгөх, идэвхжүүлэх зорилготой аж.

 

Сургалтад гарааны бизнес эрхлэх сонирхолтой, бизнесээ эхлүүлсэн Зуунмод, Эрдэнэ, Алтанбулаг, Баянчандмань, Лүн сумын 24 иргэн оролцож байна.

 

Тодруулбал, “Инновац, гарааны бизнес, маркетинг хөрөнгө оруулалт, хувь хүний хөгжил, бизнес загвар боловсруулах, багаар ажиллах, цахим систем ашиглах ур чадвар зэрэг цогц мэдлэг, мэдээллийг өгч байна” гэв.

 

Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн гэж тодорхойлсон байдаг.


Связанные новости