ТӨВ: Эрдэнэсант сумын зарим хэсэгт цасны зузаан 31-40 см байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-18 17:25:23

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр орсон цас, цасан шуурганы улмаас Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Бүрэн суманд байгалийн аюулт үзэгдэл болж, өвөлжилт хүндэрсэн хэвээр байна. Аймгийн хэмжээнд ихэнх сум зудын өндөр эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.  


Зудын нөхцөл байдал болон өвөлжилтийн талаар, Эрдэнэсант сумын Засаг дарга Т.Мөнхзоригоос тодрууллаа.  Тус сум 251 мянган га бэлчээрийн талбайтай бөгөөд үүнд 1043  малчин, мал бүхий өрхийн 404 мянган толгой мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар цасны зузаан 29-31 см, зарим газарт 31-40 см байхын зэрэгцээ  ихэнх өвөлжөөний ойр орчим цас хатуурч бог мал бэлчээрлэхэд хүндрэл үүсчээ. Сумын нөөцөд 1000 боодол өвс байна.


Засаг дарга Т.Мөнхзориг хэлэхдээ, "Өнөөдрийг хүртэл өдөр бүр явган шуурга шуурч гаргасан зам, даваа эргэж хаагдан сумын удирдлага, шуурхай штаб, ард иргэдийн дэмжлэгтэйгээр зам гаргаж, зудад өртсөн малчдад тусламж дэмжлэг үзүүлж байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээг цахимаар болон зурвасаар олон удаагийн давтамжтайгаар  иргэдэд тогтмол мэдээлж байна” гэлээ.



Связанные новости