Б.Наранхүү: Ногоон байгууламжийг олон хүний оролцоотой бий болгодог учраас хүмүүсийн уялдаа холбоо сайжирч, нийгмийн хариуцлага дээшилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-10 09:33:23

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ач тусын талаар Бодь гарден бурхны цэцэрлэгт хүрээлэн төслийн ногоон байгууламжийн ерөнхий менежер Б.Наранхүүтэй ярилцлаа.


-Мод, бутыг тарьж ургуулснаар хүчилтөрөгч ялгарч, агаарын бохирдол багасахаас эхлээд олон талын ашиг тустай гэдэг. Та ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хамгийн чухал шалтгааныг, бодит нөхцөл байдалд яаж мэдрэгддэг талаар жишээ баримттай тайлбарлавал?

-Сүүлийн жилүүдэд ногоон байгууламжийг зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд л бий болдог зүйл гэдэг ойлголтоос иргэдийн бодол бага багаар өөрчлөгдөж байна. Ногоон байгууламжийг айл өрх, албан байгууллагууд маш их хийдэг болсон. Ингэж ногоон байгууламж нэмэгдсэнээр халалт хуурайшил багасч, хөрсний чийгийг хадгалж, орчныг сэрүүн байлгадаг. Хамгийн том жишээ л гэхэд манай улсын нар зуны цагт их хурц тусдаг. Модтой болон модгүй хэсгийн агаарын температур 10-25 градусын ялгаатай байдаг.


Мод, бут сөөг байгалийн шүүлтүүр болж ажилладаг учраас тоосжилтыг бууруулж, дуу чимээг хүртэл багасгадаг. Мод, бут, цэцэг тарих нь эко системийн тэнцвэрийг хадгалах гол түлхүүр байдаг.


-Ногоон орчинд амрах нь стресс багасгаж, сэтгэл санааг тайвшруулдаг гэдэг. Иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд ногоон байгууламж хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүмүүс амрахыг хүссэн үедээ мод, устай газрыг ихэвчлэн сонгодог шүү дээ. Модны чимээг сонсоод, сүүдэрт нь суугаад гүнзгий амьсгал аваад, амар амгаланг мэдрэх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн их тустай. Стресс бухимдал ихтэй үед хот, суурингийн гоо зүйг сайжруулж, илүү цэгцтэй, амьдрахад таатай орчинтой болдог.


Ногоон байгууламж хийхэд гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө оролцдог учраас хүмүүсийн уялдаа холбоо сайжирч, нийгмийн хариуцлага дээшилдэг.


-Ногоон байгууламжтай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өсдөг гэж сонссон юм байна. Яагаад юм бол?

-Эдийн засагт хэмнэлттэй байдаг. Мод энергийн хэрэглээг сүүдэрлэж, салхинаас хамгаалах зэргээр цахилгаан зарцуулалт багасдаг. Жимс, ногоо тариалах боломжтой байхаар зохион байгуулсан тохиолдолд өрхийн хүнсний хэрэглээг хэмнэнэ. Сайхан тохижуулсан хашаа нь бусдад үлгэр дуурайл болж, хөршүүдийн орчныг сайжруулна. Тэгэхээр хувийн хашаанд ногоон байгууламж бий болгох нь зөвхөн тухайн өрхийн төдийгүй байгаль орчин, хөрш зэргэлдээ болон хотын хэмжээнд хүртэл ашиг тустай.


-Сүүлийн үед айл өрх, албан байгууллагууд хашаагаа цэцэрлэгжүүлэх нь элбэг болсон. Ихэвчлэн ямар төрлийн мод бут, цэцэг сонирхож суулгаж байна вэ?

-Цэцэрлэгжүүлэлтэд хамгийн их ашигладаг цэцэг бол нэг наст мандлын цэцгүүд байдаг. Харин модны хувьд улиасыг хөвөн хаядаг учир хайлаас, монос, голт бор, чацарганы мод, бут тариулах нь элбэг болсон. Мөн зүлэгжүүлэлтийг их хийлгэдэг болсон. Ингэснээр шарилжгүй, хог хаягдалгүй, тоос шороогүй, цэвэрхэн тухтай орчныг бүрдүүлж байна.


-Иргэдэд хэлж, ойлгуулахыг хүсдэг зүйлээсээ хуваалцвал?

-Айл өрх бүр хашаандаа ногоон байгууламж хийж чадвал ямар үзэсгэлэнтэй харагдах бол гэдгийг та бүхэн нэг төсөөлөөд үзээрэй. Үнэхээр сайхан санагдаж байвал эхлэл нь та ч байж болно шүү дээ гэж хэлэхийг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 






Связанные новости