ТӨВ: Бэлчээрийн даац 63.7 хувьд хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлоход нутгийн 36.3 орчим хувьд хүрэлцээтэй, харин 63.7 гаруй хувьд хэтэрсэн судалгаа гарчээ.
Тодруулбал, бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 6.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 30.0 хувь нь бэлчээрийн хүрэлцээтэй, 46.1 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.2 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.4 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.
Байршлаар нь нарийвчлан харвал, Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант, Эрдэнэ сумын Баянтуул, Чулуут, Мөнгөнморьт сумын Жаргалант, Архуст сумын Ноёншанд, Нарст, Баян сумын Цавчир, Өгөөмөр, Баянцагаан сумын Гурвантүрүү, Баян-Өнжүүл сумын Бүрд, Бараат, Алтанбулаг сумын Замт, Бүрэн сумын Баянцогт Батсүмбэр сумын Цогт-Өндөр, Баянгол, Мандал багт бэлчээрийн даац хүрэлцээтэй байгаа юм.
Харин Баяндэлгэр сумын Байдраг, Алтанбулаг сумын Сумт, Бүрэн сумын Төхөм, Эрдэнэсант сумын Буянт, Угалзат, Улаанхудаг, Баян-Уул, Баянхангай сумын Найрамдал, Хөшөөт, Заамар сумын Хайлааст, Борнуур сумын Бичигт, Нарт, Мандал, Угтаал сумын Асгат, Лүн сумын Төв багуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.
Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад
бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй. Иймд
бэлчээрийн нөөц бүхий нутгаас өвс, хадлан бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх,
отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог
бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад
бэлтгэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулав.