Увсын Малчинд 37 см, Сүхбаатарын Түмэнцогтод 28 см цас тогтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-01-20 17:53:10

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ус, цаг уур орчны мэдээгээр зүүн аймгуудын нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж байгааг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.


Өнөөдөр өглөөний цаг уурын станц, харуулын мэдээгээр Баян-Өлгийн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цас тогтоод байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин суманд 37.0 см, Сагилд 32.0 см, Төв аймгийн Эрдэнэсантад 31 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Увсын Зүүнговь, Сүхбаатар аймгийн Түмэнцогтод 28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цас тогтжээ.

Тиймаээс иргэд, тээвэрчид, малчдыг аль болох замд гарахгүй байхыг анхааруулж байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.



Нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос байнга хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж байгааг орон нутгийн удирдлагууд анхааруулж байна 



Энэ жил гойд их цастай, хөр цасанд мал бэлчээрт гарах ямар ч боломжгүйн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их байгаа, хамгийн гол нь зам даваа хаагдсан нь ихээхэн бэрхшээлтэй байгааг мэдээллээ.

Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт 1.6-2.6 мм цас орж, цасны зузаан 16-20 см байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хүрсэн бол өдөртөө -15…-17 градус, шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -22 градус хүйтэн хоносон байна. Өнөөдөр нийслэл хотод шөнөдөө 29 хэм хүйтэн байх нь. 

Связанные новости