Дэлхийн хос бөхт тэмээний холбоо байгуулах санаачилга гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2024 оныг Олон улсын тэмээн овогтын жилээр зарлаад байна. Уг үйл ажиллагааны Монгол Улс дахь нээлт Байгалийн түүхийн музейд өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагааны
талаар Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын
гүйцэтгэх захирал Б.Батбаатараас тодруулав. Тус газар Олон улсын тэмээн овогтын
жилийн нээлтийг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн
байгууллага, ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулсан юм.
-Олон
улсын тэмээний жилийн хүрээнд Монгол Улс юу хийж байна вэ?
-Засгийн газрын тогтоол
өнгөрсөн онд гарсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Түүнчлэн манай улсаас Дэлхийн
хос бөхт тэмээний холбоо байгуулахаар санаачлаад байна.
Мөн дотооддоо малчид, тэмээчид,
ТББ, холбоод, эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүд нэгдэн ингэний сүүний кластер
байгуулахаар ажиллаж байна. Баянхонгор аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр
байгуулаад байна. Өмнөговь аймаг мөн үйлдвэртэй болохоор ажиллаж байгаа эхний
үр дүн гарч эхэлж байна. Хамгийн сүүлд ХХААХЯ-наас Баянхонгор
аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумдад үржүүлж буй сүү, ноосны чиглэлийн
ашиг шим өндөртэй “Ламын гэгээний улаан
тэмээ”-г
шинэ үүлдрээр баталсан.
Энэ жилийн хүрээнд тэмээний ашиг шим, үржлийн талаар хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Дэлхийн хос бөхт тэмээний
холбоо байгуулах санаачилгыг хэрхэн гаргасан бэ?
- Ази тивийн сүүний
түншлэлийн хэлэлцүүлгийн үеэр манай улсаас гаргасан юм. НҮБ-ын Хүнс, хөдөө
байгууллага, Монгол Улсын Засгийн газар хамтран Ази тивийн сүүний түншлэлийн олон
улсын хэлэлцүүлгийг өнгөрсөн жилүүдэд зохион байгуулж ирсэн.
Энэ хэлэлцүүлгийн үеэр
манай улсаас гаргасан санаачилгыг олон улсын оролцогч талууд бүрэн дэмжсэн.
Холбоо байгуулах талаар Монгол Улс манлайлан ажиллах юм. Гол зорилго нь хос
бөхт тэмээний удмын санг хамгаалах, тэмээний өв соёлыг түгээх, өсгөж ашиг
шимийг дээшлүүлэхэд оршиж байгаа гэв.
Монголын ноос, ноолуурын
холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нээлтийн үеэр хэлэхдээ, монголчууд бид малаасаа бүх
зүйлийг ашигладаг. Түүний нэгэн адил тэмээ олон талын ашигтай мал. Тэмээний
ноос, ялангуяа торомны ноос маш нарийн нарийн ширхэгтэй, ямааны
ноолуураас чанартай байдаг.
Тэмээ нь ямаатай харьцуулахад
байгаль орчинд ээлтэй, бэлчээр талхалдаггүй, эко амьтан юм. Манай ноос, ноолуурын үндэсний
үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд тэмээний ноосон бүтээгдэхүүн их хийдэг болж, экспортод
гаргах нь нэмэгдэж байна гэв.
Нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ, Турк, БНХАУ-ын Элчин сайд нар, Европын холбооны Элчин сайд Аксель Никэйз, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарын албаны хүмүүс болон ХААИС, ШУТИС, МУИС, ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач нар, “Оюутолгой”, “Сүү” компани, ноос, ноолуурын “Ханбогд Кашимер”, “Зу зу”, “Санширо” зэрэг үйлдвэр, ААН-үүд оролцлоо. Мөн тэмээний ноосон бүтээгдэхүүний бичил үзэсгэлэн гарлаа.