ТӨВ: 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Д.Цэндсүрэн шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-02 16:52:14

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Алтанбулаг сумын харьяат “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарсныг Соёлын сайд батламжиллаа. 


Өдгөө уг өв соёлыг язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.


“Эсгий ширмэл урлал” өвийг тэрбээр өөрийн ээж Д.Долгороос 7 дугаар ангид байхдаа сурсан аж.

 



1991 онд тэтгэвэрт гарсныхаа дараа олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулжээ.


Тус төрийн бус байгууллага нь уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үзэсгэлэн уралдаанд 2006 оноос эдүгээ хүртэл идэвхтэй оролцож ирсэн аж.




Мөн Соёлын биет бус өвийн “Уламжлалт гар урлал”-ын ай сав, түүний төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 2006-2023 онд 11 аймгийн 28 сумын 900 гаруй иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгуулжээ. 




Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг. 



Связанные новости