ХОВД: Хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэн засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-17 22:31:13

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сум энэ онд орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулан  54 төсөл, үйл ажиллагаа  хэрэгжүүлэхээр 2.2 тэрбум төгрөгийн төсөв баталжээ.


Үүний 77 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийг иргэдийн амьдрах орчныг сайжруулах, гэрэлтүүлэг хийх, нийтийн орон сууц, худаг,  ус түгээх цэгийн засвар үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна. 


Мөн Ховд аймгийн ИТХ-аас 2024 оныг “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдээс ирсэн саналын дагуу сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт, камержуулалтыг сайжруулах чиглэлд судалгаа, хяналт, үнэлгээ хийхээр болсон юм.


Энэ хүрээнд эхний ээлжинд Жаргалант сумын ЗДТГ-аас хүүхдийн тоглоомын талбайд үнэлгээ хийх, дүгнэлт өгч, хяналт тавих ажлын баг байгуулжээ.


Тус ажлын баг өнөөдөр Жаргалант сумын нутагт дэвсгэрийн 15 байршил дахь хүүхдийн тоглоомын талбайн одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ өглөө.


Мөн цаашид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стандартад нийцүүлэн засварлаж сайжруулах чиглэлээр санал боловсруулж,  сумын Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.


Үргэлжлүүлэн ирэх долоо хоногт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин болон зарим хүүхдийн тоглоомын талбай дээр ажиллаж, тохижилтыг сайжруулах, засварлахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.


Связанные новости