Хилээр оруулсан бараа, түүхий эд 30 гаруй хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-06 15:12:20

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний хоёр сард 1595.9 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 397.7 сая ам.доллараар буюу 33.2 хувиар нэмэгдсэн байна.


Импортоор нийлүүлсэн барааны 97.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.3 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн, 0.6 хувийг гадаадын тусламжийн, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн, 0.5 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.



Импортоор нийлүүлсэн барааны дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 302.7 сая ам.доллар буюу 19, эрдэс бүтээгдэхүүн 414 сая ам.доллар буюу 25.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 366.6 сая ам.доллар буюу 88.6 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 170.6 сая ам.доллар буюу 24.8, авто агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 371.1 сая ам.доллар буюу 23.3, төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 90.8 сая ам.доллар буюу 5.7, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 85 сая ам. доллар буюу 5.3 хувийг эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.6 хувь ногдож байв.



Манай улс дэлхийн 119 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.3, ОХУ-д 28.4, Японд 12.4, БНСУ-д 3.8, АНУ-д 2.9 хувь тус тус ногдож байгаа нь импортын дүнгийн 81.8 хувийг эзэлжээ.


 

Связанные новости