ТӨВ: ОХУ-ын "Төв Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим"-ын холбоотой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-24 12:41:25

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төв аймаг, ОХУ-ын "Төв Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим"-ын холбоотой хамтран ажиллахаар болов. 

 

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ОХУ-ын "Төв Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим"-ын холбооны ерөнхийлөгч Рафаэль Марсович Шагеевыг энэ сарын 22-ны өдөр хүлээн авч уулзан санал солилцжээ. 

 

Тус уулзалтаар Засаг дарга Д.Мөнхбаатар аймаг, орон нутгийн өнөөгийн байдал, эдийн засаг, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх боломжтой салбарын талаар танилцуулсан юм.

 

Харин ОХУ-ын Төв Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбооны ерөнхийлөгч Рафаэль Марсович Шагеев өөрийн хотын онцлог хийгээд хамтран ажиллах салбарын талаар саналаа илэрхийллээ.

 

Энэхүү уулзалтаар нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, логистик, дэд бүтэц зэрэг адил талыг түшиглэн хөгжүүлэхээс гадна хөдөө аж ахуйн салбартай хамтран ажиллах боломжтойг онцолж байв. Тухайлбал,

1. Сайн чанарын улаанбуудай, төмсний үр, техник, тоног төхөөрөмж, модны суулгац үржүүлэх хүлэмжийн цогцолбор аж ахуй, боловсруулах үйлдвэр барьж байгуулах,


2. Малын үүлдэр, угсааг сайжруулах, мах экспортод гаргах,


3. Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах дэлгүүрийг ОХУ-ын Төв Сибирийн хязгаар нутагт байгуулах зэргээр хамтран ажиллахаар болжээ. 



Связанные новости