Төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж байхаар шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-03-26 16:53:38

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Манай улсад “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг шинэчлэлийг дэмжих нь” төслийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Дээрх төслийн хүрээнд “Төсвийн эрх зүйн шинэчлэл ба үр дүнд суурилсан төсөвлөлт” сэдвээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нар эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзсан юм.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсвийг олон нийтээр, ил тод, нээлттэй хэлэлцүүлэх үүднээс төсвийн төслийг боловсруулахаас эхлээд өргөн барих, батлуулах хугацааг наашлуулж тусгахаар Үндсэн хууль болон Төсвийн тухай хуульд шинээр нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн эрх зүйг шинэчилж буйг дуулгалаа. Төсвийн ил тод байдлыг хангах үүднээс:

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Засгийн газар төсвийн төслийг мөн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ 9 дүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ 9 дүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх үүргийг тус тус хүлээж буйг мэдээллээ.



Ингэснээр төсвийн төсөл боловсруулахад болон төсвийг тодотгоход олон нийтийн санал, оролцоог хангах үүднээс жил бүрийн 3 болон 8 дугаар сард багтаан олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байхаар болжээ.


Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт дээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүн гаргах зорилгоор нэг бүтээн байгуулалтад нийт төсвийн 40-60 хувийг зарцуулж буй Малайз улсын жишээг дурдсан юм. Төсвийн эрх зүйн шинэчлэлийн төслийн шинжээч С.Сүхдэлгэр “Төсвийн нэгдсэн хуваарилалт”-ын энэ жишээг нутагшуулахад үндсэн зарчмыг алдагдуулахгүй байх нь чухал гэдгийг онцлон хэлж байлаа. Тэрбээр, төсвийн нэгдсэн хуваарилалт гэдгийг нэг удирдлага дор, төсвийг цогцоор нь, тогтвортой зарцуулах гэдгээр тайлбарлаж байв. Ингэж байж үр дүнд суурилсан төсвий төлөвлөлт хэрэгжинэ гэдгийг тодотголоо. 


Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, 2024 оны төсөв, төсвийн хөрөнгө оруулалт орон нутагт илүү чиглэснийг онцлон хэлж, төсвийн хуваарилалтын харьцаа өөрчлөгдөж, нийгмийн талд зарцуулах төсөв 40 хувьд хүрсэн гэв. Монгол Улсын нэгдсэн төсөв нь:

  • Улсын төсөв,
  • Ирээдүйн өв сангийн төсөв,
  • Нийгмийн даатгалын сангийн төсөв,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв,
  • Орон нутгийн төсвөөс тус тус бүрддэг бүтэцтэй юм. 



Связанные новости