ЗАВХАН: Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-28 17:08:54

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 16.00 цагаас орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа.


Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг хийдэг уламжлалтай.


Үүний дагуу өнөөдөр гамшгийн зарлан мэдээлэх дуут дохио дуугарч, гамшгаас хамгаалах дадлага сургуулийг хийж байна. Дадлага, сургалтын үеэр аймгийн мэргэжлийн алба, мэргэжлийн ангийн томилгоот бүлгүүдэд "Бэлэн байдлын үзлэг" хийлээ.


Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой юм.


Дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэг, дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцох нь чухал.

Завхан аймагт газар хөдлөлтийн болзошгүй аюулд бэлэн байх зорилгоор үзүүлэх сургалтууд болон зөвлөмж мэдээллүүдийг мэргэжлийн байгууллагууд хамтран олон нийтэд таниулдаг.


Газар хөдлөлийн 7-гоос дээш баллын бүсэд аймгийн бүх сум суурьшиж байна. Завхан аймгийн 22 сумын 2 сум нь 7 баллын бүсэд, 9 сум нь 8 баллын бүсэд, 10 сум 9 баллын бүсэд хамаарагдаж байна.


Мэргэжлийн байгууллагууд төдийгүй дэлхийн нийтийн жишиг бол гамшгийг тогтоох биш гамшгийн эрсдэлийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг.

Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт хэдэн баллын хүчтэй, хаана болохыг тооцоолохоос илүү газар хөдлөлтийн гамшгийн үед хүний амь аврах, иргэн биеэ хэрхэн хамгаалах зэрэг гамшгаас үүдсэн эрсдэлийг тооцоолдог. Тиймээс газар хөдлөлтийн болзошгүй гамшигт иргэн бүрийг бэлэн байхыг уриалж байна.


Зарлан мэдээллийн дохио дуугарахад гурван алхам хийх ёстой. Эхний дохио дуугарахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх.


Хоёр дахь дохио дуугарахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах. Гурав дахь дохио дуугарахад, барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Тиймээс иргэн бүр аюулгүй байдлынхаа төлөө хариуцлагатай байж идэвхтэй оролцох нь чухал юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Связанные новости