Б.Нарангарав: “Дашваанжил” компаниас хөдөлмөр, аюулгүй байдлын олон зөрчил илэрсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдсэн ослын шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд жолооч нарын хэн нь буруутайг тогтоохоор ажиллаж байгааг УОК-оос хэлэв. Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ярихдаа, “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө” гэв. Уг осолд хийн түлш тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн жолооч, “Ниссан Патрол” маркийн машины жолооч нар холбогдсон юм.
Энэ үеэр ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав, “Дашваанжил” компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тэрбээр “Тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй байжээ. Мөн цалингийн журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын журмаа батлаагүй, ажлын байрны эрсдэлээ үнэлээгүй, жолоочид ямар эрсдэл үүсэж болохыг тооцоолоогүй нь ажил олгогчийн хариуцлагагүй үйлдэл юм. Компанид дотоод хяналт шалгалт огт хийдэггүй. Ажил олгогч хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийгээгүй, ажлын хувцсаар хангаагүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй байна.
Тус компани 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй. Улаанбаатар болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас хий импортлон худалддаг. Тус компанид сүүлийн таван жилд хяналт шалгалт огт хийгээгүй байна. Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна. Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавин ажиллаж байна” гэв.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тус компанийн шатахууны агуулах саванд хяналт шалгалт явуулахад зөрчил илрээгүй аж.
Харин Зам тээврийн тухайд,
-Техникийн
үйлчилгээ засварын байр нь галын аюулгүй байдлын сэлбэг хэрэгслээр бүрэн
хангагдаагүй байсан. Жишээлбэл, хүрз байхгүй, галын хорын хугацаа дууссан
зэрэг.
-Тээвэрлэлтийн талаарх мэдээллийг тухайн орон нутгийн байгууллагад сар бүр мэдээлдэггүй.
-Засвар үйлчилгээний барилга байгууламж нь бохир усны систем нь эвдэрсэн, ажиллагаагүй болсон.
-Аюултай шингэн хог хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй.
-Засварын газар нь тээврийн хэрэгслийг байрлуулах байрлалыг тэмдэглээгүй.
-Техникийн комиссын ажиллах журмыг батлуулаагүй.
-Аюултай ачаа
тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг дохио нь бүрэн ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн байна.