Малчид өрийн дарамтаас хуримтлал руу шилжсэн сайн туршлагаа хуваалцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-14 18:26:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Байгаль хамгааллын Дэ Нэйче Консерванси байгууллага "Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал" төслийг 2017 оноос Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Хэнтий болон Дорнод аймагт амжилттай хэрэгжүүлж байна.


"Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал" (НИМБХ) төсөл малчдад байгалийн нөөц, баялгийг ашиглахдаа хууль ёсны менежмент хэрэгжүүлэх, орлогын эх үүсвэрээ солонгоруулж, бэлчээрийн даацад тохирсон тогтвортой мал аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж ирсэн. Түүнчлэн малчдыг эдийн засгийн хувьд тогтвортой болгох үүднээс Монголын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ)-ны сургагч багш нартай хамтран Хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. 


Хуримтлалын хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх “Хэмнэлт-хуримтлал-ирээдүйн баталгаа” хэлэлцүүлгийг Дэ Нэйче Консерванси байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, МХЗХҮХ хамтран амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын нөхөрлөл болон Хуримтлалын хөтөлбөрийн туршлага, сорилт, сургамжийг түгээж малчдыг орлогоо зөв зарцуулах, өрийн дарамтад орохоос сэргийлэх, байгаль хамгааллын ажилд идэвхтэй оролцуулах явдал юм.


Нийт таван аймгийн 14 сумын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн малчид, сумдын нөхөрлөлүүдийн холбоод, орон нутгийн хадгаламж зээлийн хоршоод, Монголын байгалийн өв сан болон салбарын мэргэжилтнүүд тэргүүтэй 150 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцлоо. 


Энэ үеэр байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн малчид орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулж байгаль хамгааллын ажлыг тогтвортой санхүүжүүлж буй сайн туршлагаа хуваалцлаа. Тухайлбал, үргүй зардлаа танаж хуримтлуулснаар нөхөрлөлийн хэмжээнд 17 сая төгрөг цуглуулж, түүнээсэээ өрхүүддээ зээл олгон, ногдол ашиг хуваарилж, байгаль хамгааллын ажил гүйцэтгэсэн гэх мэт олон сайн жишээ дурдагдсан юм. 


“Тоо баримт харвал, Хуримтлалын хөтөлбөрийн малчид мал аж ахуйгаас бусад орлогын эх үүсвэрээ өргөжүүлэх, айл өрхийн хуримтлал, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн засаглал зэргээр бусад малчдаас илүү байгаа. Жишээлбэл, Нөхөрлөлийн чадавхийн үнэлгээний хэрэгслээр хэмжихэд Хуримтлалын хөтөлбөрийн малчдын засаглалын чадвар 36–68 хувиар, байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ба хэрэгжүүлэх чадвар 55 хувиар, төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилт дунджаар 70 хувиар өндөр байгаа нь харагдсан. Энэ хэлэлцүүлгээр бид өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөлөө” хэмээн Дэ Нэйче Консерванси байгууллагын “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Хөдөөгийн хөгжил, тогтвортой санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Т.Оюунчимэг онцоллоо. 


Хэлэлцүүлэгт оролцсон малчдын төлөөлөл болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Хэрлэн гол” нөхөрлөлийн ахлагч У.Оюунцэцэг хэлэхдээ “Манай нөхөрлөл дундын сандаа 17 сая төгрөг хуримтлуулж, түүнийгээ гишүүн өрхүүддээ хуваарилсан. Бид нэмэлт зардал гаргалгүй ердөө хүлцэж болох хэрэглээгээ хэмнэснээр илүү зардлаа танаж, түүнийгээ хуримтлал болгож чадсан. Дундын сангийн орлогынхоо тодорхой хувийг бид байгаль хамгааллын ажилд зарцуулж булаг шанд, зэрлэг амьтдаа хамгаалж байгаа” гэв. 


Хуримтлалын хөтөлбөр нь төслийн зорилтуудын нэг болох “хамгийн багадаа 15,000 малчин эдийн засгийн тогтвортой байдлаа нэмэгдүүлэх боломжоо ихэсгэх”-эд чиглэн тодорхой аймаг, сумдад хэрэгжиж буй инкубатор хөтөлбөр юм.


Энэ хугацаанд хөтөлбөрт хамрагдсан малчдын дунд хуримтлалтай өрхийн тоо 78 хувиар ихсэж, нөхөрлөлийн эргэлтийн санд өрхүүдээс орж ирэх орлого 32 хувиар буюу 53.3 мянган ам.доллараас 70.5 мянган ам.доллар болж нэмэгджээ. 











Связанные новости