ДОРНОГОВЬ: Морин хуурчдын улсын уралдаанд “Болор эгшиглэн” хамтлаг тэргүүн байрт шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ
сарын 5-6-нд болсон “Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын
уралдааны хамтлаг төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн үндэсний хөгжмийн “Болор эгшиглэн” хамтлаг тэргүүн байрт шалгарчээ.
Үндэсний бахархал, үнэт өв болсон морин хуур, ардын хөгжмийг хүүхэд багачуудад өвлүүлэн уламжлуулах ажилд тус сургуулийн хөгжмийн багш Б.Баттайван, Б.Сувд-Эрдэнэ нар цаг зав, авьяас билгээ зориулан ажиллаж байна.
Морин хуур, лимбэ, ёочин, ятга гээд үндэсний хөгжмийн төрлөөр хүүхдүүдийг сургаж, өсвөр үеийн урлагийн олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан тус хамтлаг тоглолтоо Сайншанд хотын ерөнхий боловсролын сургуулиудад үнэ төлбөргүй толилуулж байсан юм.
“Болор эгшиглэн” хамтлагийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд авьяаслаг сурагчид хамтлагийнхаа ойн тоглолтод бэлтгээд завгүй байгаа юм.