СЭЛЭНГЭ: Ч.Алтантуяа: Багш мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-10 17:51:06

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Сургалт арга зүйн албаны дарга Ч.Алтантуяатай ярилцлаа.

 

-Тун удахгүй багш нарын их хурал болох гэж байна. Сэлэнгэ аймгаас хэдэн төлөөлөгч оролцохоор сонгогдов?

-Монголын багш нарын их хурлыг хамгийн сүүлд 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байсан. Харин энэ удаа 8-р их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.


Сэлэнгэ аймаг ЕБС-ийн 1125 багшаас 21, СӨБ-ын 319 багшаас 6 төлөөллийг сонгох квотыг Боловсролын ерөнхий газраас бидэнд өгсөн. Үүний дагуу бид орон нутагтаа удирдах ажилтны хурлыг зохион байгуулсан. Нэгэнт байгууллага бүрд квот олгох боломжгүй учраас бүсчилсэн зохион байгуулалтаар төлөөлөгчөө сонгох зарчмыг баримтлан ажилласан.


Ингээд үзэхэд 53.1 хүнд нэг квот олдож байсан. Ийм учраас 50-иас дээш багштай сургуульд 1 квот гэж үзэхэд манай аймгийн 5 сургуульд шууд төлөөлөгчөө сонгох боломж олдсон. Үлдсэнийг нь бүсийн зохион байгуулалтаар сонгосон байгаа. Бүсийн ахлагч нарыг сонгоод, байгууллага болгон өөрсдийн хүнээ нэрийг нь дэвшүүлээд олонхын санал авсан хүмүүсээ цагаан толгойн үсгийн дарааллаар нэрсийг нь байршуулаад, бүх багш, ажилчдаа оролцуулаад цахимаар саналыг нь авсан. Аль болох технологийн дэвшлийг ашиглаад оролцогчдоо сонгох чиглэлийг өгч ажилласан.


Ингэж багш нарын 8-р их хуралд оролцох төлөөлөгчдөө сонгох ажлыг зохион байгууллаа. Мөн багш нараасаа гарсан бүх санал, тулгамдсан асуудал, их хуралд өргөн барих гэж байгаа зүйлийг нэгтгээд бэлтгэсэн байна.  


Үүнийгээ их хурлын индэр дээрээс СӨБ-ын нэг, ЕБС-ийн 1 багшийн төлөөллөөр хэлүүлнэ. Нийт сонгогдсон 27 төлөөлөгчийн 22 нь багш, арга зүйч 1, сургалтын менежер 3, захирал 1 байгаа.


-Нас хүйсийн болоод ажилласан жил, зэрэг дэв энд нөлөөлөв үү?

-Насны бүтцийн тухайд хамгийн залуу нь 27-той, ахмад нь 71 настай, насны дундаж 47.1, эрэгтэй 2, эмэгтэй 25 төлөөлөгч сонгосон. Ажилласан жилээр нь гэвэл нийт оролцож байгаа хүмүүсийн 50-иас дээш хувь нь 26-гаас дээш жил ажилласан, харьцангуй туршлагатай хүмүүс байна. Харин хамгийн цөөхөн нь 6 жил ажилласан багш байгаа. Боловсролын зэргийн тухайд бакалавр 19, магистр 8, мэргэжлийн зэргийн хувьд зөвлөх багш 4, тэргүүлэх багш 18, заах аргач багш 4, мэргэжлийн зэрэггүй 1 багш байна. Бид хурлын төлөөлөгчөө бүх багш нарынхаа дуу хоолойг хүргэж чадахуйц багш нарыг сонгоорой гэсэн чиглэлийг өгсөн.   


-Хуралд өргөн барих асуудлынхаа агуулгаас сонирхуулахгүй юу? Өнөөдөр багш нарт, боловсролын салбарт тулгамдсан хамгийн чухал ямар асуудал байна?

-Бүх багш нараасаа гаргасан саналуудыг эрэмбэлсэн. Тухайлбал нийгмийн асуудал болон боловсролын салбарын хөгжилд хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа таны санал юу вэ, энэ саналыг хэрэгжүүлэхэд ямар арга зам байна гэж та үзэж байгаа вэ гэдэг дээр багш нараасаа санал асуулгыг нь авч нэгтгэсэн.


Ер нь бүх багш нарын дуу нэгтэй үзэж байгаа тулгамдсан асуудал гэвэл багш мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа.


Үнэхээр сайн багшаас сайн шавь төрдөг гэсэн философи үнэн л юм бол, багш болгон хариуцлагатай, сайн сурсан хүүхдийг л багш болгох хэрэгтэй. Мөн багш бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгоод, сайн, чадвартай хүүхдүүдийг багш болгох юм бол сайн багш, сайн шавиа төрүүлээд боловсролын салбар илүү ахиц, амжилттай ажиллах боломжтой гэж бид үзэж байна.


Дээр нь хамгийн түрүүнд эрэмбэлэгдэж байгаа тулгамдсан зүйлүүдийн нэг бол багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа, тогтвор суурьшилтай ажиллахын тулд орон байрны асуудал орж байна. Тухайлбал багш хүн олон жил ажиллах тутам илүү хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох ч гэдэг юм уу, иймэрхүү асуудлыг зайлшгүй шийдвэрлээд өгөх хэрэгтэй байна гэж үзсэн.


Тухайлбал орон нутагт багш нар тогтвор суурьшилтай ажиллахад хамгийн чухал зүйл орон сууц байдаг. Дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн багш нар сурагчдынхаа дотуур байранд байрлаж, ажиллах шаардлагатай болдог. Гэтэл дотуур байр маань өнөөдөр яг хүүхдүүддээ хэрэгцээтэй, шаардлагатай, тасгууд нь хүрэлцээтэй байх ёстой. Гэтэл нэг тасгийг нэг багшид өгөхөд дотор нь амьдарч байсан 4-6 хүүхдийг бусад хүүхэд рүү хуваагаад оруулах жишээтэй. Иймээс сум орон нутагтаа төрийн албан хаагчдыг байрлуулдаг орон сууцтай байх нь зайлшгүй хэрэгтэй гэж бид үзсэн.  


Манай аймгийн сургуулиудаас судалгаа аваад үзэхээр 14 сургууль тухайн хүнийг орон байраар хангаад ажиллуулах боломжтой гэж үздэг. Эдгээр сургуулиуд дотуур байртай учраас.  


-Сэлэнгэ аймагт мэргэжлийн багш нарын хүрэлцээ дутагдалтай байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэсэн үү?

-Багшийн хүрэлцээний хувьд энэ хичээлийн жил манай аймагт 66 багш дутагдалтай байна. Үндсэн орон тоон дээр 62 багш дутагдалтай. Үүнийг эрэмбээр нь авч үзвэл математикийн багш 10, англи хэлний багш 8, монгол хэл, уран зохиолын багш 7, бага ангийн багш 6, химийн багш 5, технологийн багш 5 дутагдалтай.  


-Эдгээр багш нараа хэрхэн нөхөж ажиллаж байна. Тэтгэвэрт гарсан багш нар эргэн ажиллаж байгаа гэж сонссон?

-Дутагдалтай байгаа мэргэжлийн багш нараа нөхөх асуудлыг шийдвэрлэхийн тулд тэтгэвэртээ гарсан багш нараа ажиллуулах юм уу, эсвэл өөр сургуулийн багшийг түр хугацаанд цагийн зохицуулалт хийж ажиллуулж байна. Одоогоор тэтгэвэрт гарсан 50 багш ажиллаж байгаа. Энэ хичээлийн жилд багш мэргэжлээр төгсөөд ирсэн 10-аад багш ажиллаж байна.  


-Танай газраас аймгийн боловсролын чанарт хэр анхааран ажиллаж байна. Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд хийж хэрэгжүүлсэн дорвитой бүтээлч ямар ажил байна вэ?

-Аймгийн хэмжээнд ИТХ-аар боловсролын салбарыг 2032 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлуулсан. Сургалтын байгууллага тоног төхөөрөмж, чадварлаг багш гэсэн хөтөлбөрүүдийг батлуулаад хэрэгжүүлэн ажиллаж байна. Ер нь байгууллага бүрийн өөрөө өөрийгөө хөгжүүлэх менежментийг сайжруулах гол ажил бол хичээлийн жилд тавьж байгаа бодлого байдаг.


Энэ утгаараа бид бүх байгууллагаа гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг ахиулах, оролцоонд суурилан байгууллагыг хөгжүүлэх менежментийг барьж ажилладаг. 2022 оны үнэлгээнээс 2023 оны үнэлгээ сургуулиудын тухайд ахисан 9, буурсан 9, хэвэндээ байгаа 16 гэсэн статистик бий. Цэцэрлэгүүдийн хувьд ахисан 11, буурсан 7, хэвэндээ байгаа 20 гэсэн үзүүлэлттэй байгаа. Бидний гол зорилго бол гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг ахиулж, сурлагын чанарыг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна.


Бид 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад 3-рт эрэмбэлэгдэж 60 сая төгрөгийн урамшууллыг авсан.


-ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүүхдүүдээ суралцуулах талаар яригдаж байсан?

-Буриад улсын их, дээд сургуулиуд манай аймагт илүү их боломжийг олгож байна. Тухайлбал аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнийхээ дагуу БНБУ-ын Ерөнхийлөгч 2 удаа Сэлэнгэ аймагт зочилж, боловсролын салбарын байгууллагуудаар орсон явдал нь бидэнд илүү их боломжийг олгосон.


БНБУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдүүд хүссэн мэргэжлээрээ суралцахад нь тодорхой хувийн дэмжлэг үзүүлье, сургалтын төлбөрөөс хөнгөлнө гэдэг байр сууриа байнга илэрхийлж байдаг.


Тухайлбал БНБУ-ын багшийн коллеж, Буриадын Үндэсний их сургууль, Эрхүүгийн Судалгааны их сургуулиуд манай хүүхдүүдийн дунд сорил шалгалтуудаа зохион байгуулсан. Ингээд 4 хичээлээр шаардлагатай оноог нь авч, тэнцсэн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр элсүүлэх батламж олгосон. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Буриадын талаас зохион байгуулсан олимпиадад оролцсон 30 хүүхдэд батламж өгсөн.


Мөн орос хэлний баяр, нээлттэй өдөрлөгт амжилттай оролцсон 2 хүүхдэд ОХУ-ын аль ч их, дээд сургуулийн хүссэн ангидаа хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг мөн гардуулсан. 


-ЭЕШ эхэлж байна. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтыг зохион байгуулсан. Сэлэнгэ аймгийг сурлагын чанар муу, ЭЕШ-д хүүхдүүд хангалтгүй оролцлоо гэдэг. Энэ талаар?

-Өнгөрсөн хичээлийн жилд ЭЕШ-ын үнэлгээ 9.7 хэмжээст оноогоор буурсан. Энэ үнэлгээнээс шалтгаалаад хүмүүс сурлагын чанар буурлаа гэсэн асуудлыг гаргадаг. Ер нь эцсийн гол зорилго бол хүүхэд бүрийг их, дээд сургуульд элсүүлэх биш. Ямар ч байсан мэргэжлээрээ чадамжтай иргэн хүн болж төлөвших л чухал байгаа. Энэ ч утгаараа Сэлэнгэ аймагт Политехник коллеж байгуулж, Сүхбаатар МСҮТ, Шаамар МСҮТ хоёр нэгдээд үйл ажиллагаагаа явуулж байна.    


Нэгэнт төгсөөд гарч байгаа хүүхдүүдийн хамгийн чухал зүйл бол мэргэжил сонголт байдаг. Тухайн мэргэжлээрээ ажиллах ур чадварыг нь нэмэгдүүлэх, амьдралд бэлтгэх нь чухал. Иймээс мэргэжил сонголтыг нь чөлөөтэй байлгаж, хүүхэд бүрийг хүссэн мэргэжлээрээ үр дүнтэй сайн суралцуулах боломжийг бүрдүүлэхийн тулд бид нар олон байгууллагатай хамтран ажилладаг. Бүх л байгууллагын мэдээллийг ижил тэнцүү, тэгш, хүртээмжтэй зохион байгуулахыг хичээдэг.


Тухайлбал, Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургууль, Мандал сумын ЕБ-ын 2-р сургууль дээр төмөр замын чиглэлээр лицей ангиуд хичээллэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Связанные новости