Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд улсын байцаагчийн эрхтэй ажиллана.
Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт зохион байгуулав.
Сургалтын үеэр тус
салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн юм. Мөн сумдад ажиллаж буй мал
зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ дэд
сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал
аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын
генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
ХХААХҮЯ, ХААИС хамтран зохион байгуулсан сургалтад аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч зэрэг 150 мэргэжилтэн сургалтад хамрагдсаныг ХХААХҮЯ мэдээлэв.