ХОВД: Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд 1600 орчим сурагч хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-22 14:21:50

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ буюу "Мэргэжил сонголт" сэдэвт бүлгийн сургалт өрнөж байна. 

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол шинжлэх ухааны газар, "Эм эс девелопмент консалтинг" сургалтын төв хамтран уг сургалтыг өмнөх долоо хоногт хөдөөгийн сумдад тусгай хуваарийн дагуу зохион байгуулжээ.  

Тэгвэл өнөөдрөөс эхлэн сургалт, зөвлөх үйлчилгээг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж байна.


Хүн амьдралдаа, алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай байдаг. Үүний дотроос хамгийн чухал нь мэргэжил сонголт юм.


Тухайн хүн өөрийн хүсэл сонирхол, нөөц чадавх, боломжоо танин мэдэж, хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа ажлын байрыг судалж, мэргэжил сонголтоо оновчтой хийхийг багш нар зөвлөлөө. 

 

Судалгаанаас үзэхэд, Монгол Улсад хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтын эхний байрт багшийн мэргэжил оржээ. Мөн программ хангамж, аялал жуулчлал,  сэтгэл судлал, сувилахуй зэрэг мэргэжил тус жагсаалтад орсон байна. 


Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн 1600 орчим сурагч хамрагдана. Мэргэжлээ хэрхэн сонгох талаар шинэ мэдээлэлтэй болж, зөв сонголт хийх арга зүйд суралцах юм. 

Связанные новости