ТӨВ: Хүүхдийн чуулганд оролцогчид төсөл бичиж танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-26 08:19:12

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хүүхдийн XIX чуулганыг “Өөрсдөө санаачилж, хамтдаа хийцгээе” нэрийн дор “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриатайгаар өнөөдөр Зуунмод хотноо зохион байгуулж байна. Чуулганд 26 сумын 143 хүүхэд оролцож байна.

 


Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар нээж үг хэлэхдээ, "Хүүхэд багачуудад чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмшүүлэх, хөгжих, суралцахад анхаарч, эрүүл аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх чиглэлээр ажлуудыг шат дараатайгаар хийж байна" гэв.

 

Түүнчлэн “Залуучуудын манлайлал - Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан юм. Чуулганд оролцогч хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохын тулд шийдвэр гаргах түвшний хүмүүс болон өөрсдийн хийж чадах асуудлын хүрээнд бичсэн төслөө танилцууллаа.


Эдгээр төслүүдээс асуудлаа зөв тодорхойлж, оновчтой шийдэл гаргасан шилдэг төслийг Хүүхдийн төлөө зөвлөлөөс шалгаруулан 1 000 000 хүртэлх төгрөгөөр шагнахаар болжээ.

 

Чуулган төслийн хэлэлцүүлэг, өртөөчилсөн үйл ажиллагаа, Төв аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн, нарийн бичгийн даргыг сонгох үйл ажиллагаагаар үргэлжилж байна.

 

Чуулганд 26 төсөл ирсэн бөгөөд сэдвийн хувьд сургууль орчмын тамхидалт, электрон тамхины хэрэглээг бууруулах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлын төслүүдийг танилцуулж байна.

 

Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Г.Ганбаяраас чуулганд оролцож буй сэтгэгдлийг тодруулахад, “Анх удаа чуулганд оролцож байна. Төсөл хэлбэрээр хүүхдүүдийн үзэл бодлыг сонсож байгаа нь үнэхээр их өгөөжтэй санагдаж байна” гэв.

  

Связанные новости