Дорнодын залуус сайн үйлс бүтээсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-05 16:02:29

Дорнод аймгийн Залуучуудын нэгдлийн залуус нэгэн буянтай ажлыг санаачлан эхлүүлжээ. Тэд Дорнод аймгийн нэгдүгээр багийн иргэн н. Баттөмөрийн гэр бүлд шинэ байшин барьж өгч байгаа юм.

Энэ гэр бүл олон жил жижигхэн зуны амбаарт амьдардаг бөгөөд том байшин барих мөрөөдөл тээж яваа залуус юм. Хоёул ажилгүй жаахан хүүхэдтэй эдгээр залууст мөрөөдөлдөө хүрэх амаргүй нь мэдээж. Харин Дорнодын залуус сайхан сэтгэл гарган цахим ертөнцөөр бусдыг уриалан "ШИНЭ БАЙШИН, САЙН ҮЙЛС"-2 аяныг зохион байгуулж 5х6-гийн харцаатай байшинг барьж байна. Одоогоор  байшингийн 70 хувийг бариад байгаа юм. Бүх материал хөлс хүч сайн санаат Дорнодчуудын хүчээр босч байгаа билээ.

Дорнод аймгийн Залуучуудын нэгдлийнхэн төрөлх нутгаа өөрсдөө хөгжүүлье зорилго, чин эрмэлзэл бүхий залуусын нэгдэл юм. Тэд өнгөрөгч жил аймгийн төвийн ахмадын асрамжийн газрын байрыг өөрсдийн гараар засварласан билээ.

Б.Туяа

Связанные новости