Хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
uranatuya@gmail.com
2024-05-02 15:07:41

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийлээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан.


Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаярын мэдээлснээр, Аж ахуйн нэгжүүд одоогоор 6,2 сая мод тарьж, 6,6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, жилд 17 сая тарьц үржүүлэн бойжуулах мод үржүүлгийн газар байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор бусдыгаа тэргүүлж байна.


Аж ахуйн нэгжүүдээс, “Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сая, “Өсөх зоос” ХХК 1,5 сая, “Оюу Толгой” ХХК 928 мянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл үе шаттай хийх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төсөв хөрөнгө, үр, тарьц, суулгац, хүний нөөц зэргээ бүрдүүлэн, техник, технологи нэвтрүүлж байна. 21 аж ахуйн нэгжийн 16 нь байгаль орчны мэргэжилтэй 167 хүн ажиллуулж байгаа нь нэг нэгжид дунджаар 10 хүн оногдож байна гэсэн үг юм.


Цаашид ажлаа оновчтой төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайн туршлага нэвтрүүлэх, мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн зөвлөхтэй болгох зэрэг ажлаа улам эрчимжүүлнэ. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 2-ноос аймаг, орон нутагт  ажиллаж эхлэх юм.   

Связанные новости