Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-02 16:14:17

ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 2 /Reuters/. АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалыг ахиулжээ.


Энэ онд дэлхийн эдийн засаг өнгөрсөн оны өсөлтийн хурдаа хадгалж, 3.1 хувиар өсөх төлөвтэй байгаа бол ирэх онд үл ялиг өсөж 3.2 хувьд хүрнэ гэж ЭЗХАХБ-аас өнөөдөр танилцуулсан тайланд дурдсан байна. Энэ нь хоёрдугаар сарын таамаглалаас тус бүр 0.2 пунктээр өссөн үзүүлэлт боллоо.


Инфляц шинжээчдийн таамаглаж байснаас хурдацтай буурч байгаа нь томоохон Төв банкуудыг оны хоёрдугаар хагаст бодлогын хүүгээ бууруулах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна хэрэглэгчдийн орлого нэмэгдэхэд нөлөөлөх төлөвтэй байна гэж ЭЗХАХБ-ын Эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн үеийн тайланд бичжээ.


Гэсэн хэдий ч улс орнуудын эдийн засаг сэргэх хурд ихээхэн зөрүүтэй байгааг анхааруулаад, Европ болон Японд удаашралтай байгааг АНУ-ын үзүүлэлтүүд тэнцвэржүүлж байна хэмээн онцолжээ. Тус байгууллагын шинжээчид АНУ-ын эдийн засгийг энэ онд 2.6 хувиар өснө гэж таамагласан нь өмнөх таамаглалаас 0.5 пунктээр өссөн байна. Харин ирэх онд 1.8 хувьд хүрч буурна гэж таамаглажээ.


Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг мөн ахиулж, 2024 онд 4.9 хувь, 2025 онд 4.5 хувьтай байна гэж таамаглажээ. Хоёрдугаар сард энэ үзүүлэлт тус тус 4.7, 4.2 хувьтай байсан юм. Харин Германы эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа нь Еврогийн бүсэд үргэлжлэн нөлөөлөх боловч инфляц буурснаар өрхүүдийн худалдан авах чадвар нэмэгдэж, бодлогын хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх тул тус бүсийн өсөлт энэ онд 0.7 хувь, ирэх онд 1.5 хувь болж өсөх төлөвтэй байна. ЭЗХАХБ өмнө нь Еврогийн бүсийн эдийн засаг энэ онд 0.6 хувь, 2025 онд 1.3 хувиар өснө гэж таамаглаж байв.

Связанные новости