Баянхонгор сумын хоёр байршилд 5800 мод тарилаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2024-05-20 11:51:06
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын Ойн ангитай хамтран бүх нийтээр мод тарих өдрийн нээлт, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд аймгийн төвийн 60 шахам байгууллагын ажилтан, албан хаагчдыг татан оролцуулж, Баянхонгор сумын нутаг дэвсгэрийн хоёр байршилд 5800 орчим мод тарьсан байна. Төрийн байгууллагын албан хаагчид хуваарьт талбайдаа хүний тооноосоо хамааран багадаа 25, түүнээс дээш буюу 80-100 ширхэг мод тарьжээ.

Баянхонгор аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сумын хэмжээнд 20 сая мод тариалах амлалт өгсөн. Энэ жил 50-60 мянган мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор сумын тухайд 10 мянган мод тарихаар төлөвлөсөн юм. Тухайлбал, Түйн голын цагаан бургасыг өргөтгөн тарихад 1000 ширхэг бургас, аймгийн арын хэсэгт буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар болох шинэ ойн зурваст 4800 орчим улиас мод тариад байна.

Баянхонгор сум ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж ирсэн. Өмнөх жилүүдэд Шинэ суурьшлын бүс орчим, хот тойрсон шинэ ойн зурвасууд, мөн Хөх толгой уулын энгэр бэл зэрэг байршилд гоёлын мод болон бусад мод тарьсан нь эхнээсээ ургаж эхлээд байгаа юм. Тухайн жилүүдэд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэстэй хамтран түр ажлын байранд хүмүүсийг авч ажиллуулан модны нүх ухах, элс, бууц татах зэрэг ажлуудыг хийлгэж байсан бол энэ жилийн тухайд төрийн байгууллагын албан хаагчид өөрсдөө модны нүхээ ухаж, модоо суулгалаа.

Шинээр байгуулсан ойн зурваст тус бүр нь гурван га хэмжээтэй хоёр талбайг хайс, хашлага татан байгуулсан бөгөөд цаашид тухайн байрлалд худаг гарган услалтын асуудлыг шийдэн, тарьсан модоо хамгаалах үүднээс сахиул айлтай болгох юм байна.