Цэцэрлэгийн 100 багшийг “Соёлын сургагч багш”-аар бэлтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-22 09:16:49

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. БШУЯ-ны болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2024-2025 онд Сургуулийн өмнөх боловсролын түвшинд соёлын боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. 


Соёлын боловсролыг сургуулийн өмнөх насанд төлөвшүүлэх зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч, бүлгийн багш, дуу хөгжмийн 100 багшийг “Соёлын боловсролын сургагч багш”-аар бэлтгэлээ. 


Хүүхдэд бага наснаас нь үндэсний үнэт зүйл, эх хэл бичиг, түүх, соёл, зан заншил, өв уламжлал, соёл, эх оронч үзэл, ёс суртахууны цогц чадамжийг төлөвшүүлэх нь ирээдүйн Монгол иргэний хөгжилд чухал билээ. 


Сургалтаар соёлын тухай ойлголт, олон улсын чиг хандлага, үндэсний үнэт зүйлийг төлөвшүүлэхэд соёлын боловсролын гүйцэтгэж буй үүрэг, эх хэл, бичиг, утга зохиол, ном хэвлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, дуу хөгжим, бүжиг, дүрслэх, дизайн, тайзны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгож, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг чиглэлээр мэдлэг олгов.  


Сургалтаас гадна сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд соёлын боловсролын агуулгыг тусгах, соёлын агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багшийн сургалтад соёлын боловсролын модуль хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, багшийг үе шаттай сургах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлов.



Связанные новости