Гурав дахь хөрш рүү тээвэр хийх эрх зүйн зохицуулалт бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-24 09:27:22

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Greening Transport” олон улсын тээврийн форум 2024 дээд хэмжээний уулзалтын үеэр “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирч, энэ сарын 22-нд хэлэлцээрийн төслийг хоёр тал үзэглэлээ.


Хэлэлцээрийн төсөл нь 5 бүлэг 16 зүйлээс бүрдэж, НҮБ-ын хоёр талт хэлэлцээрийн загварт нийцэж байна. Тухайлбал, нэр томьёоны тайлбар, хамтарсан хороо, эрх бүхий байгууллагыг тогтоох, тээврийн үйлчилгээний төрөл, тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл, зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөх, тээвэр хийх нөхцөл, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг хариуцлага, татвар, даатгал, олон улсын үүрэг хариуцлага зэрэг тээвэрийн зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлийг багтаажээ.


Хэлэлцээрийн агуулга, зарчим нь худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, үйл ажиллагаанд нь хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх явдал юм. Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид гурав дахь түнш рүү тээвэр хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно. Мөн хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэж, гадаад худалдаа өргөжихөөс гадна Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөхийг ЗТХЯ мэдээллээ.

 

Связанные новости