Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-26 08:56:50

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа.


Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах тус төв 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм. Төрийн дээд одонг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг гардуулж, үе үеийн албан хаагч, ажилчид, ахмадуудад баяр хүргэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилчдад төрийн одон, медаль гардуулсан юм.


Маршал Х.Чойбалсан 1924 онд санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь одоогийн Ахмад настны үндэсний төвийн суурь болжээ. Үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг. Одоогоор 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.


Энэ онд Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэлх замыг хатуу хучилттай болгох хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг улсын төсөвт тусгажээ. Цаашид тус төв шилдэг менежмент, ажиллагсадтай, амьдрах сайн орчин бүрдүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилт тавьжээ. Тус төвд 100 гаруй хүн ажилладаг байна.

 

Связанные новости