Ховд аймгаар аялж болох маршрут

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-13 11:12:20

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад, дотоодын аялагч болон иргэдэд зориулж Ховд аймгийн нутгаар аялж болох зарим маршрут, онцлох дурсгалт газрыг танилцуулж байна.


Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг гэсэн дөрвөн сумын дунд төрийн тахилгат Сутай хайрхан уул бий.

 

Дарви сум өнгөрөөд Цэцэг сум руу шороон замаар хазайж, 40 км яваад тухайн суманд очих ба Сутай хайрхныг ойроос, мөн Цэцэг нуурыг харах боломжтой.

Цаашлаад Баянголоор Барлагийн хавцлын засмал замаар Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сум руу явж болно.

 

Цэцэг сумаас Хөшөөтийн уурхайн засмал зам эхлэх ба тухайн хавцлаар Алтайн сүрлэг уулсыг харж болно.

   

Гол маршрутыг танилцуулбал: 

1. Ховд аймгийн Манхан сум хүртэл засмалаар яваад тэндээсээ Монголын гурав дахь том нуур Хар-Ус нуурыг харж болно.

2. Тэндээсээ буцаад Монголын 9 гайхамшгийн нэг, хамгийн том агуй болох Хойд сэнхэрийн агуйг харна. 

3. Цаашлаад Ховдын Булганы Ярантын боомтыг Баян-Өлгийн Цагааннуурын Улаанбайшинтын боомттой холбосон олон улсын засмал зам бий. Тухайн замаар Феррари, Ломбаржини ч явж болохоор, 40 км тутамд амрах, саатах зогсоолтой Монголын хамгийн сайн замаар явна.

  

4. Манхан сумаас явсаар Ботгоны хавцлаар явж, Бага улаан давааг давна.

 

5. Бага улаан давааг даваад Ховд аймгийн Мөст сумын нутаг "Баянзүрхийн Буган чулууны цогцолбор" замын хажууханд байдаг. 

6. Цаашаа явсаар Мөст сумын нутгаас Алтай сумын нутаг болж Бодонч голын хавцал руу орно. Тухайн хавцалд Бодонч голын Сэнжит хад байх ба аялагчдыг үзэж харахаар шат, ширээ хийж байршуулсан байдаг. Тухайн хавцлаар явах нь гайхамшигтай аялал болдог. Алтайн сүрлэг уулс, зарим хэсэгт янгир ч харагддаг.

 

7. Хавцлын төгсгөл Ховд аймгийн Алтай сум, Боомын аманд бий. Тэндээсээ тухайн сумын нутаг Ямаан хадны сүг зураг, Их говийн дархан газрын "Б" бүс болох Тахийн ус руу зөвшөөрөл авч тахь харж, Алтайн өвөр говьд хэрхэн нутагшиж буйг харж болно. Манхан сумаас Алтай сум руу очиход 220 км зайтай.

 

8. Алтай сумаас цааш засмалаар 35 км яваад Үенч сум байгаа. Тухайн сумаас долоон км зайд Үенч голд барьж байсан усан цахилгаан станцын нөлөөгөөр үүссэн Хясааны ам хэмээх газарт Хясаа нуур, хүрхрээ байдаг.

 

9. Үенч сумаас 27 км зайтай тухайн сумын нутаг Жаргалант уулын оройд Монголын пирамид хэмээгддэг сүрлэг Харуул овоо бий. 

10. Харуул овооноос 17 км яваад Монгол Улсын хамгийн том таван сумын нэг 12000 хүн амтай Ховд аймгийн Булган сум бий. 

 

11. Тухайн суманд нутгийн залуусаас бүрдсэн "Торгон нутаг" клубийнхэн 350 сая төгрөгөөр бүтээн байгуулсан Сорхогтань хатны цэцэрлэгт хүрээлэн, Увш ханы хөшөө бүхий цогцолборыг үзэж болно. Сумын яг ард талаар Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Монгол Улсын хоёр дахь том гол болох Булган гол урсдаг.  

 

12. Булган суманд наймдугаар сарын дунд үeд очвол 1959 оноос хойш тухайн суманд тарьж ургуулж буй алим, чавга, бэсрэг алим зэрэг жимс боловсорсон байхаас гадна Булган голын хөндийд 18 зүйлийн зэрлэг чацаргана ургадаг. Мэдээж тарвас, амтат гуа бол Ховд аймагт ид боловсорсон үе. 

13. Булган сумаас урагш 130 км Их говийн дархан газрын Б бүс луу явахад 1948 онд Оспан, Гоминданы цэргүүдтэй тулалдсан домогт тулаан болсон Байтаг богдын Бүдүүн харгайтын гол бий, тухайн газарт 50 жилийн ойгоор хилийн цэргээс цогцолбор байгуулсан. Бүдүүн харгайтын голд эртний хүн чулуу байдаг. Мөн тухайн голыг өгссөөр Байтаг богд уулны ноён оргил Алтан овоо нь яг улсын хилийн багана дээр байдгийг заставын зөвшөөрөлтэй харж болно. 

 

14. Бүдүүн харгайтын голоос баруун тийш говиор 90 км явсаар улсын хилийн наана Гурван хүүхэд уул хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой, энергийн төв болсон уул бий. 

 

15. Гурван хүүхэд уулаас долоон км уруудахад Зүүнгарын говийн дундуур урсаж улсын хил давж буй Булган голын хөндий бий. Булган голд Улаан номд бичигдсэн Төв Азийн шар минж амьдардаг учраас Минжит Булган гол гэж нэрийдсээр иржээ. Булган гол шаргал үхэрдэй хэмээх улаан номын загас, зөвхөн тухайн голд байх зүүнгарын сугас, алтлаг хэлтэг, ердийн гүрц загаснууд ба булуу цагаан, шивэр сугас, улаан нүдэн, алгана зэрэг агнуурын загастай. Монголын хамгийн том алгана загас тухайн голд бий. Тухайн загас нь бүлээн усны загас бөгөөд хамгийн халуун газарт буй алгана загастай том гол нь Булган гол юм. 

16. Булган голын хөндийгөөс өгсөөд Шар булаг хэмээх газрын тэндээс Ярантын заставаас зөвшөөрөл авч байж Суварга уулын орой дээр байх Алтайн 13 овооны нэг Бор овоог гурван цаг орчим явганаар явж харж болно. Харуул овоо шиг нүсэр байгууламж байдаг ба орой дээр нь Монгол Улсын хилийн багана бий.

 

17. Тэндээсээ засмалаар явсаар Алагтолгой хэмээх газар хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтнүүдэд зориулсан хөшөө байдаг. Хажууханд нь БНМАУ-ын маршал Х.Чойбалсан Оспантай уулзсан гэрийн буурь байх ба сумаас хамгаалж тайлбарыг байршуулсан байдаг.

 

18. Булган сумаас Булган голыг өгсөж аялал үргэлжилнэ. 60 км яваад Урианхайн алдарт бөх Жумагийн Булган голын хөндийгөөс өргөж ирж тавьсан 350 кг шаргал чулуу байдаг. Тухайн чулууны үүх, түүхийг бичиж хажууд нь байршуулсан байдаг.

 

19. Цааш явсаар Баян-Өлгийн Булган сумын нутаг орох ба голын хөндий дагуу Ендэртийн модон гүүр байдаг. Тухайн гүүрийг Ховдын Булган сумын уугуул К.Даш гэж хүн бүтээсэн бөгөөд сумын малчид зуслан руугаа явахад Булган гол гарах гүүр өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Хажууд нь олон төрлийн дотрын Ендэртийн рашаантай. 

20. Ховдын Булган сумаас Баян-Өлгийн Булган сум луу Булган голыг өгсөж явахад тухайн голын 27 хясаагаар явдаг байна. хоёр сумын хоорондох зай 200 км.

 

21. Хамгийн эхэнд зам хазайж Үенч сумын Улиаст багийн нутаг Улиастын голын хавцал руу өгсвөл тухайн голын хүрхрээг харах боломжтой байдаг.

 

22. Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг руу ороод Алтайн нурууны өндөр хэсгийн Булган голд цутгах Сөнхөл нуур, Сэрүүн нуур гээд эхэлнэ.

 

23. Тэр хавийн нутаг нь Монголын хоёр дахь өндөр оргил орших Ховд аймгийн Мөнххайрхан сум, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт орших Мөнххайрхан уулын байгалийн цогцолборт газарт хамаарна.

 

24. Мөнххайрхан уулын БЦГ-т маш олон жижиг том нуур байх ба Хөх нуурын хажууд Ямаатын хүрхрээ бий. Тухайн хөх нуур нь Сэнхэрийн голоор Хар-Ус нууртай холбогддог учраас монгол хадран загастай. Мөн тухайн бүсэд долоон нуур хэмээх цувраа долоон нуураас бүрдсэн үзэсгэлэнт газар бий.

25. Булган голыг цааш өгссөөр Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт багийн нутаг Хөх голын нуур, түүний хөндий зүүн тийш яваад бий. Тухайн хөндийд том, жижиг 30 гаруй нуур байдаг. Тухайн нуураас эх авсан Ёлтын гол Булган голын гол цутгалуудын нэг болдог.

 

26. Хөх голын нуураас өгссөөр Хар нуурт очно. Тухайн нуур нь Булган голын савын хамгийн зөөлөн, бүлээн устай нуур ба сэлж болохоос гадна загастай. Хар нуур луу цутгах голд хүрхрээ бий. Тухайн нуур Хар нуурын голоор Булган голд цутгана.

 

27. Цааш жаахан өгсөхөд Булган голын эх Мөнх цаст Дөш ууланд очих ба тухайн уулны мөс цасаар тэжээгдэх Холбоо нуураас Булган гол эх авна.

 

28. Тэндээсээ буцаад Ёлтын голоор өгсөн Улаан даваагаар давахад Ховд аймгийн Дуут сум, Улаагчны давааг давахад Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг руу орно. Улаан даваа хэцүү замтай учраас Улаагчны давааг сонгосон нь дээр.

 

29. Дэлүүн сумаас Буянт голыг дагаж Ховд хот руу, эсвэл Толбо сумаас Толбо нуур, цаашаа Өлгий хот, Алтай Таван богд орж болно.

 

30. Ховд хот нь Баруун бүсийн тулгуур төв бөгөөд Буянт голын хажууд оршдог.

31. Ховд хотоос Толбо нуур орох замд цаст Цамбагарав хайрхан уул бий.

 

32. Цамбагарав хайрхны Намарзан зуслан руу очвол сайхан байгальтай.
33. Цааш явсаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг ороод хажууханд нь Толбо нуур бий.

 

34. Толбо нуураас 25-30 км яваад Өлгий хот бий.

 

35. Өлгий хотоос Алтай Таван богд 

36. Алтай Таван богдоос Өлгий хот, Өлгий хотоос Баян-Өлгийн Цагааннуур сум хүртэл засмалаар явна.

 

37. Цагааннуураас сайн зассан хавцлын замаар Баян-Өлгийн Ногооннуур, Увс аймгийн Бөхмөхөрөн сум руу явна.

 

38. Ногооннуур, Увсын Бөхмөрөн сумын хажууд Монгол Улсын найм дахь том нуур болох Ачит нуур байдаг.

 

39. Бөхмөрөн сумаас Хархираа түргэний нуруу руу яваад Сагил сумын нутаг Монголын 10 дахь том нуур Үүрэг нуур бий.

40. Тэндээсээ Увсын Улаан давааг даваад Увс нуурын хөндий Улаангом хот харагдана.

 

41. Улаангом хотоос холгүй Монголын хамгийн том Увс нуур байдаг.

 

42. Увс нуураас 200 км яваад Хяргас сумын нутагт Монголын дөрөв дэх том нуур Хяргас нуур байгаа. Хэцүү хад руу шороон замаар явна.

 

43. Тэндээсээ цааш Айраг нуур, Ховд аймгийн Чандмань сумын нутаг Монголын зургаа дахь том нуур болох Хар нуур, долоо дахь том нуур болох Дөргөн нуурыг харж болно. 

 

44. Дөргөн нуураас Ховд, Говь-Алтай чиглэлийн засмал зам руу буцаад Улаанбаатар хот руу явах, эсвэл Завхан голоор гарч Завхан аймгийн нутаг руу ороод Улаагчны Хар нуур, Отгонтэнгэр хайрхан руу яваад Архангайн үзэсгэлэнт байгалийг харж Улаанбаатар хот руу явж болно" гэж  Төмөрбаатарын Сугар гэх цахим хуудаст тэмдэглэсэн байна.  


Связанные новости