ХОВД: Энэ жил цусны хүндэт донор дөрвөөр нэмэгдэж 61 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-14 17:31:34

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд Цусны донорын дэлхийн өдөр тохиодог.

Тус өдрийг манай улс 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа ба энэ удаа “Амьдрал бэлэглэсэн 20 жил: Цусны донор танд баярлалаа” уриа дэвшүүлжээ.  

Ховд аймагт одоогийн байдлаар 1600 орчим цусны донор бүртгэлтэй байна. 

Энэ жилийн хувьд  тус аймгийн хэмжээнд “Хүндэт донор” дөрвөөр нэмэгдэж, 61 боллоо.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны салбар төв нь жилд 500-600 донороос цус авч, стандартын дагуу цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нөөцөө бэлтгэж байна. 

Он гарсаар 242 донор бусдын амийг аврахын төлөө цусаа хандивлажээ.


Цусны донорын дэлхийн өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо.


Тус үйл ажиллагаа нь бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлахаас гадна тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө нь цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэхэд чиглэв.  

Связанные новости