Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-06-14 15:40:11

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Энэ үеэр үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа ажилтай танилцан, үүрэг чиглэл өглөө.


Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байгааг энэ үеэр мэдээлэв.


Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар энэ сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт 2 айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдоод байна.

Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч, гүйцэтгэлийг хангах шаардлагатайг онцоллоо.


Мөн Улсын онцгой комиссын 2024 оны “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахыг даалгав. Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол хийх, гарц, урсцыг нээж, хяналт тавих, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхийг чиглэл болголоо.





Связанные новости