БАЯНХОНГОР: Хатан суудал хайрхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-24 14:45:51

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Усан зэрэглээ гүйсэн хэвгий талын дунд алсаас оорцоглон харагдах хайрхан бол Хатан суудал. 


Хатан суудал бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн тийш 40 гаруй км зайд оршдог 1420.2 м өндөр, унтарсан галт уул. Оройдоо триагуляцын цэгтэй, хүрэл зэвсгийн үеийн цөөн тооны булштай. Энэ хайрхныг 2009 оны нэгдүгээр сарын 2-нд сумын Засаг даргын захирамжаар сумын хамгаалалтад авчээ.


Баянлиг сум нь аймгийнхаа зүүн өмнөд захын сум бөгөөд Улаанбаатар хотоос 870, аймгийн төвөөс 240 км зайд оршдог, 119 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Далайн түвшнээс дээш 1339 метр өндөрт оршдог. Урд талаараа Сэврэй, Гурвантэс сумтай 270 км, баруун болон баруун хойд талаараа өөрийн аймгийн Баянговь, Богд сумтай 180 гаруй км, зүүн хойд болон зүүн талаараа Өвөрхангай аймгийн Богд сумтай 110 гаруй км нутгаар хиллэдэг.


Баянлиг сум нь 1925 оны 5 дугаар сард БНМАУ-ын Засгийн газрын 19 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд тус сумын нутаг дэвсгэр нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандида хутагтын /Ламын гэгээн/ шавийн хошуунд харьяалагдаж байжээ.


Баянлиг сум тэмээн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг бөгөөд 2023 оны жилийн эцэст 17.2 мянган тэмээ тоолуулсан байна.

Связанные новости