Бөхийн дэвжээнүүдийг хамруулсан допингийн сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-27 09:53:36

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний бөхийн холбоо,  Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бөхчүүдэд допингоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахаар болжээ.


Уг сургалтад Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцох, Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсны бүртгэлтэй 27 дэвжээ, долоон спорт хорооны дасгалжуулагч нар хамрагдах юм. Энэхүү сургалт нь допингийн төрлийн бодис, бэлдмэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний спортын тамирчдыг энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.


Сургалт ирэх сарын 1-нд Хууль зүй, дотоод хэргийн яаманд болох бөгөөд бөхийн гал, дэвжээдийн  багш дасгалжуулагч нарыг идэвхтэй оролцохыг уриалсан байна.


Дашрамд дурдахад, Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүрийн наадмын өмнө бөхийн галуудаар явахдаа допингоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, допингийн төрөлд багтдаг эм, эмийн бүтээгдэхүүн, бодисын талаар мэдээлэл өгдөг юм. Харин энэ удаа нэгдсэн сургалт зохион байгуулахаар болсон нь энэ. 

Связанные новости