"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэхээр судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-03 08:46:32

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Япон улсын “Ниппон Коей” компани “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэх судалгаа хийж байна.


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай өнгөрсөн нэгдүгээр сард нисэх буудлын хүчин чадлыг нэмэх талаар уулзаж байсан юм. Үүний дүнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зорчигч, ачаа урсгалыг түргэн шуурхай нэвтрүүлэх, хүлээлт, саатлыг арилгах ажлыг үе шаттай хийж байна.


Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр хийсэн уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэх судалгааг эхлүүлэхээр шийдсэн. ЖАЙКА-аас Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компанитай гэрээ байгуулан судалгааг өнгөрсөн сарын 12-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийхээр ажлаа эхлүүлжээ. Энэ хүрээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа нар ЖАЙКА, “Ниппон Коей” компанийн төлөөллүүд судалгааны ажлын эхлэл тайланг өчигдөр танилцуулж, харилцан санал солилцсоныг ЗТХЯ мэдээлэв. 

Связанные новости