Голууд үерийн аюултай түвшинг 60 см хүртэл даваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-05 14:31:46

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчимд Туул, Дарханы Хараа, Мөнгөнморьт-Өндөрхаан орчимд Хэрлэн, Балж, Онон, Улз гол одоогоор үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см даваад байна.


Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын үеэр буюу энэ сарын 10, 11-нд Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтайг ЦУОШГ мэдээллээ. Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй иргэд үер усны аюулаас сэрэмжилж, голын татмаас холдож нүүхийг анхааруулж байна.



Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэжээ. Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, голдрил дүүрэн, үерийн байдалд байгаа голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир ОБЕГ-аас голын сав дагуух хот, суурин газрын болон аялаж амарч яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Связанные новости