11 аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн машин олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хөрөнгө оруулалтаар зарим аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн суманд эмнэлгийн түргэн тусламжийн машин олгов.
Салбарын сайд С.Одонтуяа энэ үеэр хэлэхдээ байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндийн асуудлыг уялдуулсан байдлаар анхаарч, эрүүл мэндийн салбарт үр ашигтай хөрөнгө оруулалт хийж буй ХБНГУ-ын Засгийн газар, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банк, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон дэмжлэг үзүүлсэн нийт байгууллагад талархал илэрхийлэв.