Сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт Африкт удахгүй эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
КИНШАСА, 2024 оны
наймдугаар сарын 22 /Anadolu/. Сармагчны цэцэг өвчний /mpox/ эсрэг вакцинжуулалт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ болон халдвар тархсан бусад оронд ойрын
өдрүүдэд эхэлнэ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/
мэдэгджээ.
Европын Холбоо,
вакцин үйлдвэрлэгч Bavarian Nordic компани, АНУ, Японы зүгээс Африк тивд уг өвчний эсрэг вакциныг нийлүүлэхээ
мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Африкийн CDC-ийн мэдээлснээр, вакцинуудыг ойрын хугацаанд татан
авахаар төлөвлөжээ.
Тус төвийн дарга Жан
Касея вакциныг аюулгүй хадгалах, зааврын дагуу тарих нь чухал болохыг онцолжээ. Тэрбээр
мөн CDC вакцин түгээх ажлыг хөнгөвчлөхийн тулд халдвар тархсан орнуудтай
ложистик, харилцаа холбооны тал дээр хамтран ажиллаж байна гэжээ.
Өнгөрсөн долоо
хоногт ДЭМБ болон Африкийн CDC төвөөс сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан
олон улсын болон тивийн хэмжээнд онцгой байдал зарласан юм.
CDC-ийн хамгийн
сүүлийн үеийн мэдээллээр, Африкийн 13 улсад уг өвчний 17 541 тохиолдол
бүртгэгдэж, 517 хүн нас барсан байна. Харин 2024 онд бүртгэгдсэн нийт
тохиолдлын 96 хувь, нийт нас баралтын 97 хувь нь одоогийн дэгдэлтийн голомт
болсон БНАКУ-д бүртгэгджээ. Тус улсад 16 700 батлагдсан эсвэл сэжигтэй
тохиолдол бүртгэгдсэнээс 570 гаруй хүн нас барсан байна.
Харин Өмнөд
Африкт 24 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан бол Камерун улсад таван
тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүн нас баржээ. Мөн Бурундид 100 гаруй тохиолдол,
Нигерид 39, Либерид тав, Руандад дөрөв, Кот д’Ивуар, Угандад тус бүр хоёр,
Кенид нэг тохиолдол илэрчээ.