Цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-10-15 10:31:02

Өнөөдөр Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

Цаг агаар, орчны шинжилгээний газраас ирүүлсэн төлөв мэдээгээр 16-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө дулаарна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 5-7 градус дулаан байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости