ХӨВСГӨЛ: Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд 500 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-19 17:44:23

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, иргэдэд хямд үнээр худалдах, гадаад, дотоодын зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн, намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.


Үзэсгэлэн худалдаанд  23 сум, 1 тосгоноос 500 гаруй иргэн аж ахуйн нэгж, иргэн оролцож байна.


Хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 600 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн болон бөөний үнээр худалдаж байна.


Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон газар тариалан эрхлэгчдээ дэмжих, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цагаан идээ, оёмол бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхой, эрүүл аюулгүй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх зорилготой.


Мөн Органик мал аж ахуй эрхлэгчид, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, экспортлогчид, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ зах зээл, шинэ боломжийг нээх зорилт дэвшүүлж буйг нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав онцолж байлаа.


Өнгөрсөн онд намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд 23 сум, 1 тосгоноос 272 иргэн 128 аж ахуйн нэгж 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож, 470 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.









 

Связанные новости