ХӨВСГӨЛ: Далай чойнхор вангийн хошууны наадмыг сэргээж даншиг наадам хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Хамба хутагт номун хан Данзан агваан Чойдорж, Дашчойлин хийдийн их унзад лам Ч.Бямба-Очир, гэлэн лам Н.Батбаатар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хамба хутагт номун хан Данзан агваан Чойдорж Далай Чойнхор вангийн хошууны 10 засгийн наадмыг сэргээн даншиг наадам зохион байгуулах санаачилгаа танилцуулж, аймаг, орон нутгийн түвшинд хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар энэхүү уламжлалт соёл, түүхэн ач холбогдол бүхий наадмыг сэргээн зохион байгуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Түүхэн сурвалжийн мэдээгээр Далай Чойнхор вангийн хошуу өмнө нь 10 засаг хошуутай байжээ.
Тодруулбал, одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир, Хангай сум, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сум, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумууд багтаж байсан түүхтэй.