О.Шольц, В.Путин нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-16 11:27:07

БЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /DW/. Германы Канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украинд эхлүүлсэн Оросын дайныг буруушаагаад, дайнаа зогсоож, цэргүүдээ Украины нутаг дэвсгэрээс гаргахыг уриалжээ. 


Германы засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээлснээр, О.Шольц, В.Путин хоёрын яриа нэг цаг орчим үргэлжилсэн байна. 


Орос улс Украинтай шударга, бат бөх энх тайвныг тогтоохын тулд хэлэлцээ хийхэд бэлэн байх шаардлагатайг Канцлер цохон тэмдэглээд, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Украиныг шаардлагатай хэмжээгээр дэмжинэ гэдгээ дахин нотолжээ.


О.Шольц, В.Путин нар 2022 оны 12 дугаар сараас хойш анх удаа утсаар ярилаа. Оросын цэргүүд Украинд халдан довтолсны дараа Берлин, Москвагийн яриа хэлэлцээний суваг хаагдаад байсан юм. 


Засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээлснээр, О.Шольц мөн Оросын тал Украины иргэний дэд бүтцэд агаарын цохилт өгч байгааг эрс буруушаажээ. Түүнчлэн Умард Солонгосын цэргүүдийг байлдааны ажиллагаанд оролцуулахаар илгээх нь “мөргөлдөөнийг ноцтой хурцатгаж, улам даамжруулна” гэдгийг анхааруулсан байна.


Орос улс энэ дайнд тавьсан зорилтуудынхаа алинд нь ч хүрч чадахгүй гэдгийг О.Шольц тодорхой хэлээд, "Украинтай буурь суурьтай хэлэлцээ" хийхэд бэлэн байхыг уриалжээ. 


О.Шольц, В.Путин нар мөн "холбоо харилцаагаа үргэлжлүүлэхээр" тохиролцсон байна. Үүний зэрэгцээ Германы засгийн газраас холбоотон болон түнш орнууд, түүнчлэн Европын Холбоо, НАТО-гийн удирдлагад өнөөгийн нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн мэдээлэл өгөх ажээ.  


Кремль: В.Путин Оросын аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалав

Кремлийн ордноос мэдээлснээр, В.Путин “Германы талын санаачилгаар” О.Шольцтой утсаар ярихдаа "Украины мөргөлдөөнийг зохицуулах тухай хэлэлцээрүүд нь аюулгүй байдлын салбарт Оросын ашиг сонирхол, бодит байдлыг харгалзан үзэх ёстойгоос гадна мөргөлдөөн үүсэх болсон үндсэн шалтгааныг арилгах ёстой" гэж мэдэгджээ. 


Путин хэлэхдээ "Одоогийн хямрал бол манай улсын аюулгүй байдлын ашиг сонирхлыг үл тоомсорлож, орос хэлээр ярьдаг оршин суугчдын эрхийг уландаа гишгэн, Украины нутаг дэвсгэрт Оросын эсрэг орон зайг бий болгоход чиглэсэн НАТО-гийн олон жилийн түрэмгий бодлогын уршгаас үүдэлтэй" гэжээ. 


Үүний сацуу тэрбээр Оросын тал “Киевийн дэглэм”-ийн тасалдуулсан яриа хэлэлцээг сэргээхээс хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгааг онцлон тэмдэглэсэн байна. В.Путин мөн “Германы эрх баригчдын найрсаг бус бодлогын улмаас хоёр улсын харилцаа урьд өмнө байгаагүйгээр доройтон муудсаныг” онцолжээ. 


О.Шольц Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярихаасаа өмнө В.Зеленскийтэй утсаар ярьсан бөгөөд дахин ярихаар төлөвлөсөн байна. 




Связанные новости