ХӨВСГӨЛ: 40 мянган га талбайд үлийн цагаан оготно тархжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Жаргалант, Шинэ-Идэр, Баянзүрх гэсэн 6 сумын 40 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно тархжээ.
Өнгөрсөн хавар Цэцэрлэг, Цагаан-Уул сумын 10 мянган га талбайд энэ намар Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант суманд улсын төсвийн хөрөнгөөр бэлчээрийн үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг 30 мянган га талбайд хийсэн байна.
Устгалын ажлыг малчид иргэдтэй хамтран утах, ус цутгах, хавх тавих, шувуу болон амьтанд суух газар бэлтгэж өгөх зэрэг олон аргаар хийсэн байна.
Тус аймгийн Жаргалант сумын 5000 га, Бүрэнтогтох сумын 80 мянган га, Баянзүрх сумын 2000 га талбай болон Цэцэрлэг сумын нийт нутгийн 50 гаруй хувь, Цагаан-Уул сумын нийт нутгийн 45 орчим хувьд, Баянзүрх сумын Агар багт үлийн цагаан оготно тархжээ.
Нэг үлийн цагаан оготно жилд 6 төрдөг, гарсан төл нь 21 хоногийн дараа үржилд ордог, нэг төрөхдөө 6-14 зулзага гаргадаг учраас маш хурдан үрждэг амьтан тул устгалын ажлыг жил бүр үр дүнтэй хийх шаардлагатай байдаг аж.