УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-22 16:20:44

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ирэх оны төсвийн тухай хууль, түүнтэй хамтатган өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.


УИХ ирэх оны төсвийг үр ашиггүй, хэмнэлттэй бус, инфляцийг хязгаарлахад чиглээгүй байдлаар баталсан. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн жил эхлээгүй байхад УИХ төсвийн тодотголын хуулийн төслийг ирэх сард багтаан оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг чиглэл болгосон нь хууль дээдлэх үндсэн зарчмыг алдагдуулсан явдал хэмээн үзэж, Ерөнхийлөгч уг хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй батлах нь зүйтэй хэмээн үзэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар байнгын хорооны хуралдааны үеэр тодотгов.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



Связанные новости