Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэх, зээлийн хүүг багасган, хугацааг нь сунгахыг хүсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэх, зээлийн хүүг багасган, хугацааг сунгах, мөн зээлийн үлдэгдлээс дахин хүү тооцон, нэмж суутгадаг зэргийг шийдүүлэхийг хүсэж байна.
Тодруулбал, Төрийн ордны гадаа 37 хоног суулт хийж буй ахмад настан Ц.Алтанзул тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572.4 мянган төгрөгийг хоёр дахин, боломжгүй бол 50 хувиар, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшнээр буюу 495.4 мянган төгрөгөөр нэмэх, мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн өр, орлогын харьцааг өмнө баримталж байсан 70/30 болгон, 36 сарын хугацаатай олгох хүсэлт тавьжээ. Өр, орлогын харьцааг чангаруулсан шийдвэрийг Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын уулзалтаар цуцалж, хугацааг 24 сар болгохоор тогтоосныг арилжааны банкууд гурван хоног баримталсан тухай тэрбээр дурдаад, зээлийн үлдэгдлээс дахин хүү тооцон, нэмж суутгадгийг шийдэж өгөхийг уламжлав.
Ц.Алтанзул нарын ахмадын төлөөллийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын ахалж буй тус ажлын хэсэг ГБХНХЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Монголбанк болон холбогдох байгууллагынхан хүлээн авч уулзсан. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг багасгах, эрүүл мэнд, асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл, ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.
Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат дээрх шаардлага, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж, санал, хувилбар боловсруулахыг ГБХНХЯ-нд, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, нөхцөл шаардлага, хязгаарлалтыг багасгах тооцоо хийж, санал ирүүлэхийг Монголбанканд, ахмад настныг асрахуй, халамж хамгааллыг сайжруулах талаарх нийгмийн даатгалын реформын тухай санал боловсруулахыг ЭМЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмж байх хуулиа хэрэгжүүлэхийг Сангийн яаманд, төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулахыг ЭЗХЯ-нд үүрэг болголоо.
Ажлын хэсгийн
гишүүн, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл тэтгэвэрт гарах дөхөхөөр НДШ-ийг огцом ихээр төлж,
өндөр тэтгэвэр тогтоолгодог, хүн амын зарим хэсгийн шимтгэлийг төр хариуцдаг
байх хуулийн цоорхойг засах саналаа ирүүлэх нь зүйтэй гэсэн юм.
Ажлын хэсэг дээрх
байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын
хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдүүлэх
аж.