Нэмэлтээр дахин зургаан чиглэлд тусгай автобус гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө гаргаж, үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Богино хугацаанд яндангүй бүс тогтоож, бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр тооцоо судалгааг гаргаж эхэлснийг албаныхан хэллээ.
Энэ талаар Нийслэлийн орлогч дарга А.Амартүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн үүргийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабыг байгуулан шахмал түлшний стандарт, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, утаа үүсгэгч гуравдагч эх үүсвэрийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна” гэв.
Шуурхай штабаас нийслэлийн 105 хорооны 47462 өрх, 1437 аж ахуйн нэгж сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэг, иргэн, обьектын харуул манааны байр, цэргийн анги байгууллагын уурын зуух, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн байр, нийтийн байр, түргэн үйлчилгээний цэг, авто засвар, дугуй засвар зэрэг нийт 2933 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр 31516 зөвлөмж, 181 мэдэгдэл, 20 шаардлага хүргүүлсэн байна. Шалгалтын явцад тос, масло түлсэн, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдийг цэвэр
агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, “Сүхбаатарын талбай-Скай ресорт”, “Офицеруудын
ордон- Тэрэлж” чиглэлд нэмэлт
автобус явуулж эхэлсэн. Тэгвэл нэмэлтээр
дахин зургаан чиглэлд тусгай зориулалтын автобус гаргахаар төлөвлөжээ.