Код экспортлох боломжийг эрэлхийлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ 2025 онд төрийн эзэмшиж буй эх кодыг экспортлох, тодруулбал, Киргиз, Узбекистан улстай хамтарч ажиллахаас гадна код экспортлох боломжийг эрэлхийлж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.
ЦХИХХ-ны сайдын шуурхай хурлаар энэ оны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, 2025 онд хэрэгжүүлэх
стратеги төлөвлөгөөг хэлэлцэх үеэр Засгийн
газрын 100 хоногийн хүрээнд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл сайн хэрэгжиж байгааг
онцлов. Тухайлбал, дрон сургалт хөгжүүлэлтийн бүс
байгуулах ажлыг эхлүүлж, Дархан-Уул аймаг, Налайх, Баянзүрх дүүргийн нутагт дроны туршилтын бүс байгуулахаар
боллоо.
Өнгөрсөн онд төрийн
байгууллагын 4693 цахим хуудсыг www.gov.mn-д нэгтгэж, мэдээллийн технологийн компаниудад эдийн
засгийн дэмжлэг үзүүлэхээр
виртуал бүс байгуулах ажлыг эхлүүлэхээс
гадна олон улсын төлбөр тооцооны систем Applepay-д Монгол Улс нэгдсэнээр төгрөгөөр төлбөр тооцоо
хийх, цахим худалдааны арга хэлбэрийг нэмжээ. E-mongolia хэрэглэгчдийн тоо 1.9 саяд хүрч, төрийн цахим үйлчилгээ 1255 болж, иргэдийн 1.1
их наяд төгрөгийг хэмнэсэн байна. Үндэсний
хиймэл дагуул төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж,
газрын станц байгуулах ажлыг эхлүүлснээс
гадна харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хянах самбар (Dashboard) хийхээр холболт хийсэн шилэн кабель,
түүний урт, үүрэн холбооны сүлжээний бааз станцын байршлын зураглал, хүчин чадлыг засаг захиргааны нэгж (аймаг,
сум) бүрээр хянах тогтолцоог бүрдүүлжээ.
Түүнчлэн салбарын хуулиудын давхардлыг арилгах судалгаа хийж, хуулиудыг цэгцлэх, нэмэлт
өөрчлөлт оруулах, шинэчлэн
найруулах ажлыг зохион байгуулахыг салбарын
сайд хурлын үеэр үүрэг болгов.
Төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарах концепцийг 2025 оны
1-р сард танилцуулж, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн
холбоодод шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг ЦХИХХЯ мэдээлжээ.