ХӨВСГӨЛ: Эрүүл мэндийг дэмжих төвөөр 7636 иргэн үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Эрүүл мэндийг дэмжих төв 2022 оноос хүн амын дунд эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд энэ онд 4250, өнгөрсөн онд 4461, 2022 онд 1442 нийт 7636 хүн хамрагдсан байна.
Тус төв байгуулагдсанаас хойш ходоодны хорт хавдрын 38 тохиолдол илрүүлснээс эрт үед нь 15, улаан хоолойн хорт хавдрын 15 тохиолдол илрүүлснээс эрт үед нь 6 тохиолдлыг илрүүлжээ.
Мөн 556 хүнийг 3 дугаар шатлалын эмнэлэгт илгээж эмчилгээ, оношилгоо хийлгэсэн байна.
Орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сул байх, тэр дундаа хорт хавдрын оношилгоо эмчилгээг оройтож авах, эдийн засгийн хувьд шаардлагагүй дагалдах зардал өндөр тусч байсан.
Эрүүл мэндийг дэмжих төвтэй болсноор эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо хийж, халдварт ба халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлснээр үр дүнтэй эмчилж ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралтаас сэргийлж үр дүнгээ өгч буйд иргэд талархаж байна.