“Эрдэнэс Тавантолгой” компанийн “0” давхаргын баяжмалын шахмал түлш хэрэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” компанитай байгуулсан түүхий эд нийлүүлэх гэрээ дуусаж, “Тавантолгой түлш”-ээс шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөхөөр судалгаа хийжээ. Тухайлбал, хагас кокс шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой” компанийн ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна. Улмаар тус компанитай гэрээ байгуулан угааж, баяжуулсан нүүрсийг ирэх гуравдугаар сараас нийлүүлэхээр болов.
Үүнээс гадна түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зуухад технологийн шинэчлэл хийж, хатуугаас хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулахаар төлөвлөсөн аж. Ингэхдээ дээрх зуухнуудын 30 хувийг энэ онд багтаан хийн түлшинд шилжүүлэх юм. Уг ажлыг хийснээр агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна гэж тооцжээ.
Түүнчлэн ирэх аравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн
автобусыг хийн түлш рүү шилжүүлэхээр
бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.