ХӨВСГӨЛ: Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажил 54 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-20 11:22:26

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэлсэн.


Хөвсгөл аймагт төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 208 байгууллагаас албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтлөн явуулах ажил 54 хувьтай үргэлжилж байна.


Тус аймгийн нийт 208 байгууллагаас 157 байгууллагын хэвлэмэл хуудсыг татан авч хянаж хэвлэмэл хуудасны эхийг монгол бичгээр бэлтгэх ажлыг хийж байна гэдгийг Архивын тасгийн дарга Г.Ням-Эрдэнэ мэдээллээ.


Цаашид аймгийн Засаг даргын агентлаг байгууллагын дарга, сумын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд кирилл монгол бичгээр хөтлөх ажлыг тусгаж биелэлтийг тооцож ажиллах юм.


Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нар монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага, стандартын дагуу албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахыг үүрэг, чиглэл болгон ажиллаж байна.

 

Связанные новости