ХӨВСГӨЛ: Мөсний баярын үеэр тахтай морин чарганы уралдааныг 3 төрлөөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-20 11:42:33

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг "Мөсний баяр"-ын үеэр уралддаг тахтай морин чарганы уралдаанд амжилт үзүүлсэн уяачдад өнгөрсөн жилээс эхлэн бүсийн цол олгодог болсон учраас оролцдог уяачдын тоо эрс нэмэгджээ.


Энэ жилийн хувьд тус уралдааныг 3 удаа зохион байгуулна.


Тодруулбал, 2 дугаар сарын 16-нд тахтай морин чарганы бооцоот уралдаан, 2 дугаар сарын 19-нд тахтай хатирч морьдын уралдаан, 2 дугаар сарын 22 тахтай морин чарганы уралдаан тус тус болохоор хөтөлбөрт оруулжээ.


2000 онд анхны мөсний баяраар зургаан морин чарга уралдаж байсан бол эдүгээ өргөжсөөр 100 гаруй уяач хурдан хүлгээ сойдог болжээ.


Уяачид морьдоо бүтэн жилийн турш сойлго уяаг нь тааруулдаг байна. Мөсөн дээрх чаргатай морьдын уралдаан хуурай газар уралддаг уралдаанаас хэцүү байдаг. Морьдын туурайнд тах хадах, чарганд дасгах гээд ажиллагаа их байдаг гэдгийг Хатгал тосгоны иргэн уяач П.Баттулга хэлж байлаа.


Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн уяачдын хурдан морь уях эрдэм ухаан, хөдөлмөрийг нь үнэлэх, Хөвсгөл далайн мөсөн дээр болдог чаргатай морьдын уралдаан, тахтай морин чарганы уралдааныг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор тус уралдааны амжилтыг бүсийн цол олгох амжилтад оруулан тооцох саналыг дэмжин хэрэгжиж эхэлсэнд уяачид талархаж байна.


Тус уралдаанд өөр аймаг, сумын иргэд ч оролцох боломж бүрджээ.

  



 

Связанные новости