ХӨВСГӨЛ: "Чингүнжавын тэмцлийн зам” нэртэй хөшөөг иргэд зорин очдог болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-24 10:16:22

Мөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас 15 км улсын хил хүртэлх зам дагуу "Б.Чингүнжавын тэмцлийн зам" нэртэй хөшөөг 2015 онд байгуулжээ.


Байгалийн чулуун дээр Б.Чингүнжавын тэмцлийн замыг зурж сийлсэн бөгөөд түүний баригдсан Ван толгойн чанх урд байрлуулжээ.


Сүүлийн үед аялагч иргэд тус хөшөөг зорин очиж үзэж сонирхдог болсон байна.


Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав юм.


Тэрээр манжийн цэргээс зугтаж Оросын хил гарах гэж явахдаа Жанхас толгой гэдэг газар баригдсан бөгөөд тэр толгойг Ван толгой гэж нэрийдэх болжээ. 


Манж нар Чингүнжавын 80 гарсан эх, 22 настай бүсгүй дүү, охин Цэрэндэжид нарыг Чингүнжавын хамт барьж Бээжинд аваачин 1757 онд цаазалсан юм.


Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.


Связанные новости